A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ТҮҮНД ТАВИХ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ, ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 17

Улаанбаатар хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ТҮҮНД ТАВИХ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ, ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн иж бүрдлийг бүрэн хангуулах, цахим мэдээллийн төрөлжсөн санг 2020 оны I улиралд багтаан байгуулах, тус мэдээллийн санг холбогдох төрийн байгууллагууд ашиглах, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар (Х.Хэрлэн)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт тус тус даалгасугай.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагын ашиглаж буй ашигт малтмалд холбогдох мэдээллийг нэгдсэн програм хангамжид холбох, мэдээллийн сан үүсгэж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд үүрэг болгосугай.

3. 2020 оны I улиралд багтаан ашигт малтмалын олборлолтод ашиглаж байгаа дугуйт болон гинжит техник хэрэгслийн бүртгэл хөтлөх, дугаар олгохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт үүрэг болгосугай.

4. Ашигт малтмалыг хууль бусаар олборлоход ашиглаж байгаа дугуйт, гинжит техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг түрээсийн болон бусдын өмчлөлд байгаа эсэхээс үл хамааран хураан авч улсын орлого болгох, стандарт, технологид үл нийцэх тоног төхөөрөмж, хэрэгслийг ашиглуулахгүй байхтай холбогдсон зохицуулалтыг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, 2020 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

5. Ашигт малтмалын ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох, төлөх журам"-ыг шинэчлэн боловсруулж 2020 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгосугай.

6. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор баталсан "Аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам"-ын 2.1.6-д заасны дагуу газрын хэвлийн нөхөн сэргээлт хийхээр сүүлийн 3 жилд эрх авсан аж ахуйн нэгжийн нөхөн сэргээлтийн ажлын тайланд хийсэн шинжилгээ, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг 2020 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү)-т тус тус даалгасугай.

7. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 20 дугаар тогтоолоор баталсан "Алт-2" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тайланд хийсэн шинжилгээ, алтны хайгуул, олборлолтын талаар цаашид авах арга хэмжээний саналыг 2020 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт даалгасугай.

8. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын хэрэгжилтийг шалгаж, зөрчил гаргасан буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, учруулсан хохирлыг арилгуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгасугай.

9. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримтад үндэслэх, тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.15-д заасны дагуу олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газар (Х.Хэрлэн)-т үүрэг болгосугай.

10. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг зохих журмын дагуу яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт даалгасугай.

11. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэргүй болон Монгол Улсын хилийн зурваст олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах, бичил уурхайтай холбогдох хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох асуудлыг тус тус судалж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зохих журмын дагуу боловсруулж, 2020 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт үүрэг болгосугай.

12. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн тайланд тусгасан санал, дүгнэлт, иргэд, төрийн бус байгууллагын санал, гомдлын дагуу тусгай зөвшөөрлийн олголт болон хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хор хохирлыг газар дээр нь шалгаж тогтоох, түүний дагуу холбогдох арга хэмжээ авах хамтарсан ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөлтэйгээр байгуулан ажиллуулж, ажлын үр дүнг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН